Д.Сүхбаатар: Дорнын уран бичлэгт хийсвэрлэл зонхилдог

Хамгийн өмнөх эхлэлдээ бичсэнээр бол би гэдэг хүн энэ блогтоо өөрт таалагдсан бичлэгүүдийг оруулна гэсэнээр анхны оруулж буй мэдээ маань монгол бичигтэй холбоотой бичвэр орж байна.
Монголын сайхан бичигтэн Д.Сүхбаатар, Би энэ хүний талаар сонсож байсан ч уулзалдаж, харчиж үзээгүй. Гэхдээ удахгүй уулзалдан гэдэгтээ итгэлтэй байна. Ийнхүү түүний 2007 онд Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг оруулав. Хуучны ярилцлага ч гэлээ надад бол монгол бичигтэй маань холбоотой болохоор хуучин бус, харин ч олж уншсандаа баяртай байна. Хамгийн сүүлийн асуултанд хариулсан хариулт нь надад их таалагдлаа. Тэр дотор нэг гүн ухаан яваад байх шиг байна.

- Үзэсгэлэнгийн нэр сонин санагдлаа. Яагаад ингэж нэрлэсэн бэ?
- Үндсэндээ “Монгол орон” гэсэн нэртэй үзэсгэлэн юм. Монгол орныг Гүүн сүүгээр цэнгэгчдийн орон гэдэг. Түвдийг Цастын, Энэтхэгийг Хутагтын орон гэж нэрлэдэг. Энэ бол Номт гурван орны нэр гэж судар номд тэмдэглэсэн нь бий. Энэ нэрийг уламжилж нэгэн бүтээлээ нэрлэсэн төдийгүй үзэсгэлэнгээ ч нэрлэсэн. Уран бичлэгийн үзэсгэлэнгээ ийм нэрээр нэрлэж үзэсгэлэнгээ нээх цаг маань зуны эхэн сарын барс өдөр тул анхны унагаа татаж, гүүн сүүгээр цацал өргөдөг гүүний үрс гаргах баяртай тохиож байгаа учиртай.
- Таны үзэсгэлэнгийн онцлог гэвэл?
- Монгол түмэн гүүний үрс гаргаж, тэнгэр хангайдаа гүүн сүүгээр цацал өргөхдөө итгэл, бишрэл, хүндэтгэл, баяр баясгалангаа найр наадмаар илэрхийлдэг шиг миний энэ үзэсгэлэнгээс гүүн сүүний цацлын цэнгэл баясгалан харагдаж байх учиртай. Би “Гүүн сүүгээр цэнгэгчдийн орон” нэртэй бүтээлдээ газрын зураг дээрх Монгол орныхоо дэлгэсэн тэрлэг шиг хэлбэрт эх орноо магтсан шүлгийг багтаан бичиж монгол хүний бахархал омогшлыг төрүүлэхийг зорьсон юм.
- Уран бичлэг гэдгийг юу гэж ойлгож болох вэ?
- Дэлхийн бүх л улс хичээнгүй бичиг, номын дармал үсэг, хэвлэлийн уран үсгээс гадна уран сайхны чимэглэл үсэг болон уран бичлэгтэй байдаг. Уран бичлэгийг calligraphy гэдэг. Бичиг соёлтой ард түмэн уран бичлэгээ дээдэлж бичиг үсгийн баяр хийдэг. Уран бичлэг бол уран үг, уран үсэг, уран санаа гурвын чандманилсан нэгдэл юм. Даралт, хэмнэл, өнгө аяс, уран дүрслэлийн хослол, уран сайхны сэтгэмж шингэсэн бичгийг уран бичлэг гэдэг. Уран бичлэг нь уран зураас, зурлага татлагаар илэрхийлсэн өөрийн өвөрмөц хэл аялгатай. Онцлог нь тухайн үг, өгүүлбэрийг бэх бийр нийлүүлэн уусгаж, шингээж, тодруулж, онцолж, ерөнхийлж, эсрэг тэсрэгийн өнгөний харшлаар галбир гаргаж бичдэг. Хийсвэрлэж ойлгодог. Энэ утгаараа модернист урлаг лугаа адил. Гол зарчим нь үг, үсэг бүрийг амин судал гаргаж амьдруулах зорилгыг агуулдаг. Тийм учраас уран бичлэг бол жирийн бичээс биш юм. Уран бичлэг нь хийсвэр урлал.
- Кирилл үсгээр уран бичиж болох уу?
- Уран бичлэг бол уран сэтгэмжийн урлал учраас үндэстний сэтгэлгээг үндэсний бичгээр илэрхийлж байж сая амилдаг. Бид монгол үгийг кирилл, латин, хятад үсгээр хичнээн ч уран сайхнаар бичсэн, зөвхөн чимэглэл төдий жирийн бичээс болдог. Уран бичлэг нь үндэсний хэл болон сэтгэлгээтэй салшгүй холбоотой учраас өөр үндэстний үсгээр өөрийн монгол үгийг уран бичихэд түвэгтэй бөгөөд яагаад ч жинхэнэ сэтгэл хөдөлгөх уран бичлэг болж чадахгүй байх. Кирилл үсэг славян үндэстний сэтгэлгээг харуулна, латин үсэг барууны сэтгэлгээг илэрхийлэх нь зүйн хэрэг. Араб бичиг Арабын соёл, сэтгэлгээг харуулж байдаг.
Харин урлаг үсэг талаасаа хүний нэр, барааны нэр зэргийг уран сайхан дизайн маягаар өөр үндэстний бичгээр бичиж дурсгалын зүйл болгон биестээ бэлэглэх ёс бий. Өөрийнхөө нэрийг араб, хятад, латин, кирилл үсгээр тухайн улсынх нь уран бичээчээр бичүүлж авбал их сонин сайхан.
- Монгол уран бичлэгээ бид яаж хөгжүүлбэл зүгээр бол…
- Аливаа хэлний уран бичлэг нь бичиг соёлоо манлайлж явдаг. Тийм учраас бид үндэсний бичгээрээ бичиж, мэдэрч монгол сэтгэлгээгээ уламжилж зохистойгоор шинэчлэн хөгжүүлэх ёстой. Бид монгол бичгээ умартаж, бичгээ танихгүй хэрэглэхгүй болох аваас төдий чинээ монголоосоо салж үндэсний сэтгэлгээ нь элэгдэж эвдрэх болов уу хэмээн сэтгэл зовнидгоо нуухгүй.
- Монгол уран бичлэгийн ялгаатай тал нь юу вэ?
- Өрнийн уран бичлэг нь хэрэглээ дизайн гоёл чимэглэлийн урлаг тал руугаа илүү хөгжсөн байдаг бол дорнын бичлэг нь гүн санаа, гүн бодол агуулсан, бясалгалаар тайлж уншдаг илүү хийсвэрлэл тал нь хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл, өрнийн бичлэг гадаад өнгө үзэмж, хэлбэр дүрсийг голлодог бол дорнын уран бичлэг дотоод гүн санааг нь эрхэмлэж үсгийн зурлага хэмнэлээр чөлөөт хийсвэрлэл үзүүлдэг.
Д.Оюунтуяа /Өдрийн сонин, 2007.06-р сар/

Commentaires

Articles les plus consultés