Өөрийн гэсэн ажлаа хэрхэн олох вэ?

Эхлээд өөрийн ажил гэж юу вэ, түүнийг хайх хэрэг юунд байна вэ гэдэг дээр тогтож ярья.
Хүнд сэтгэлийн ханамж авчирдаг чухал зүйлүүдийн нэг бол өөрт нь таашаал болон ашиг орлого авчирч байхуйц дуртай зүйлээ олж хийх явдал байдаг. Хэрэв тухайн хүний хийж байгаа зүйл нь зөвхөн таашаал л авчирдаг бол – үүнийг хобби гэнэ, хэрэв зөвхөн мөнгө л олддог, таашаал гээд байх юм үгүй бол – үүнийг ажил гэж нэрлэнэ. /Хөлсөөр ажиллах, өөртөө ажиллах нь хамаагүй/ Харин өөрийн ажил, дуртай ажил гэдэг бол таашаал, мөнгө хоёрыг хослуулж байдаг учраас олонхи хүн ийм ажилтай болохыг хүсдэг, зарим нь бүр хайдаг, харин харамсалтай нь, тэр бүр олж, өөрийн болгож чаддаггүй. Яагаад? Яагаад гэвэл ихэнхи хүмүүс дуртай ажлаа хайхдаа олон алдаа гаргадаг. Хамгийн “хит” алдаанууд бол:

1. Хийх гэж оролдож байгаа зүйл чинь таны сэтгэл зүрхийг бүрэн эзэмдэж чадахгүй байна. Энэ зүйл ямар ч их эрэлт хэрэгцээтэй, бусдад ямар ч их ашиг орлого авчирч байж болно, та энэ талбарыг сайтар судалж туршлага хуримтлуулсан байж болно, гэхдээ... та үүнийг хийхдээ нүд чинь гялалздаггүй, сэтгэл чинь хөдөлдөггүй, бараг л өөрийгөө хүчилж байж хийдэг.

2. Танд энэ ажлыг явуулах авъяас байхгүй байна. Хүн бүрт өөрийн гэсэн тодорхой авъяас чадвар байдаг болохоор зарим зүйлийг сайн хийж чадна, харин заримыг нь муухан чаддаг шүү дээ. Тэгэхээр сайн чадахгүй, авъяас дутагдаад байгаа зүйлийг заавал чадах гэж зүтгээд байх хэрэггүй, универсал хүн болох гэвэл аливааг дундаж төвшинд хийж чаддаг л хүн болно.

3. Таны хийж байгаа зүйл бусдад хэрэгцээгүй зүйл байна. Өөрөөр хэлбэл танаас өөр хүмүүст төдий сонирхолтой бус, цөөн тооны хүнд л хэрэгтэй зүйлийг та сонгожээ. Энэ тохиолдолд таны энэ эхлэл бизнес биш хобби болох заяатай гэсэн үг.

4. Та хэтэрхий их өрсөлдөөнтэй талбарыг сонгожээ, дэндүү олон хүн тэр бизнесийг эрхэлж байна. Бусдын санааг хуулбарлан дуурайх хэрэггүй дээ, ямар ч хуулбар оригиналд хүрдэггүй гэдгийг санаарай.

5. Та өөрийнхөө онцгой чанарыг олж чадаагүй байна. Өөрийнхөө онцлог, авъяас, чадварыг сайн мэддэггүйгээс бусад тантай ижил бизнес эрхэлж байгаа хүмүүсээс хэрхэн ялгарахаа мэддэггүй учраас тэднээс ялгарч чаддаггүй.

6. Та “хөдөлж эхлэхэд” бэлэн болоогүй байна. Ажлаа сольж дуртай зүйлээ олж хийхсэн гэж хэдий мөрөөддөг боловч мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шийдэмгий алхам хийхэд бэлэн биш, зориглож чадалгүй суугаад байдаг.

7. Өөрийн хүслээ ойлгодоггүй, дотоод сэтгэлээ сонсож чаддаггүй. Сэтгэл зүрхтэйгээ “ажиллаж” болдог гэдэгт та итгэдэггүй, Сэтгэл санаа, Мөрөөдөл, Тэмүүлэл гэх мэтийн “элдэв нарийн материйг” ойшоож авч үздэггүй.

8. Яг жинхэнэдээ бол та амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсдэггүй. Одоогийн ажилдаа хэдий дургүй боловч “дассан газрын даавуу зөөлөн” гэх маягаар үүнээсээ салж чаддаггүй, өөрөөр хэлбэл одоогийн байгаа тав тухаа орхиод шинэ зүйл рүү явах зүрх зориг байхгүй, хий дэмий л “байдлыг өөрчлөхийг бодно оо” гэж өөрийгөө хуурч суудаг хүн.

9. Амьдралд хандах хандлага чинь ерөнхийдөө сөрөг учраас амьдралаа өөрчлөх боломжтой гэдэгт итгэдэггүй. Гутранги үзэлтэй хүмүүсийн хэрэг бүтнэ гэж байдаггүй юм. “Хэрэв та бүтнэ гэж бодож байгаа бол – бүтнэ, бүтэхгүй гэж бодож байгаа бол – бүтэхгүй” /Генри Форд/.

10. Өөрийгөө маш доогуур үнэлдэг, өөртөө огт итгэдэггүй. Магадгүй, эцэг эхээс өгсөн буруу хүмүүжлийн үр дүнд өөрийнхөө хүчтэй талуудыг хардаггүй, одоо байгаагаасаа хавьгүй илүү өндөрлөгт хүрч чадна гэдэгтээ итгэдэггүй байж болох. Зааныг яаж сургадаг билээ? Тугал байхад нь бүдүүн олсоор бат бөх шонд уядаг, харин том болсон үед нь нарийхан олсоор зүгээр л гадсанд уячихад л хангалттай байдаг, заан зугатах гэж оролддог ч үгүй, “боломжгүй” гээд ойлгочихсон учраас...

Дээрх алдаануудаас цөөн нь л /3, 4/ гадны хүчин зүйлээс хамааралтай, ихэнхи нь зөвхөн хувь хүн дотоод сэтгэлээ хэрхэн хөглөхөөс хамааралтай байгаа биз? Тиймээс, бодол сэтгэлээ удирдсанаар л өөрийн гэсэн ажлаа олж чадна, бусад асуудал бол – зүгээр л технологи: мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, зохион байгуулах гэх мэт.

Хамгийн чухал зүйл бол – өөрийнхөө учрыг олох!Танд амжилт хүсье!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

Commentaires

Articles les plus consultés