Эмчид үзүүлэхдээ анхаарах 6 зүйлс

Эмчид үзүүлэх үед таны дотор муухайрч, хурдхан биеэ үзүүлээд явах юмсан гэж бодогддог уу? Тэгвэл нэгэнт очсоных бүх зүйлээ асууж, эмчээс бүрэн мэдээлэл авах нь хамгаас чухал. Хэдийгээр эмчид үзүүлэх ч өөрт хэрэгтэй зөв мэдээллийг авч чадаагүй бол эмчид үзүүлсэний ач тус гарахгүй бус уу?

Харин дараах зөвлөгөө танд хэрхэн эмчтэйгээ зөв харилцаж бүрэн мэдээлэл авах, зөв оношлуулах аргуудаас танилцуулна.

1. Чухам яагаад эмчид үзүүлэх болсоноо тодорхой хэлэх
Та эмчтэйгээ анх уулзаад л ямар учир шалтгаанаар эмнэлэг зорих болсоноо хэлэх нь зөв. Өөрт мэдрэгдэх зовиур, эмнэлэгт очих хэрэгтэй гэж үзэх болсон шалтгаан зэргээ хэлээд танд эмнэлгээр үйлчлүүлэх цаг зав хэр байдаг, эмчилгээ хийлгэх шаардлагатай бол хэдий хугацааг та гаргаж чадах зэргээ хэлээрэй. Ингэх аваас эмч тань яг таны хүссэн үйлчилгээг, хүссэн хугацаанд багтаах тал дээр анхаарах болно.
2. Бэлтгэлтэй ир
Та нэгэнт эмчид үзүүлэхээр шийдсэн бол өөртөө бүрэн цаг гарга. Хамт ажиллагсаддаа эмчид үзүүлэх тул оройтож магадгүй гэдгээ сануул, хэрвээ хичээлтэй бол хичээлээсээ чөлөө ав. Мөн эмчид очихдоо өөрийн эрүүл мэндийн даатгал, карт гээд таны өвчний түүхийг харуулах бүх бичиг баримтыг ав. Мөн одоогоор ямар нэмэлт эм, витамин ууж байгаагаа жагсааж бич. Энэ нь таны талаар ихээхэн зүйлийг эмчид өгүүлэх тул танд ямар эмчилгээ хийхээ товлоход тус болно.
Эмчээс асууж тодруулах зүйлсээ тусгай цаасан дээр бичиж тэмдэглэ. Яг эмчид үзүүлэх үедээ мартах тохиолдол байдаг шүү дээ.

3. Өөрийн өвчин зовиурын талаар нээлттэйгээр ярих
Ичиж зовоод хэрэггүй. Угаас эмч нар олон янзын хүмүүстэй ажилладаг, бас таны өвчинг л эдгээх үүрэгтэй шүү дээ. Тиймээс өөрийн өвчин зовиураас эхлээд дадал зуршил болсон үйлдэл, хоол унд, удмын өвчиний түүхээ хүртэл дэлгэрэнгүйгээр ярих нь зөв.
4. Эмчийн хэлсэн заавар, зарим нэр томьёог ойлгохгүй бол шуудхан асуух хэрэгтэй
Эмч нар заримдаа мэргэжлийн бус хүнтэй ярьж байгаагаа мартаад өөрсдийн мэргэжлийн үг хэллэгээр ярих гээд байдаг. Тиймээс ойлгохгүй байгаа мэргэжлийн үг хэллэг нь ямар учир утгатайг асуух хэрэгтэй. Эсвэл тэдний хэлж буй онош, зөвлөгөөтэй санал нийлэхгүй бол түүнийгээ хэлж болох юм.

5. Эмчийн зөвлөж буй эм, эмчилгээ нь танд таарах эсэхийг асуу
Эмч танд ямар ч эм, эмчилгээг санал болгож болно. Гэхдээ тэдгээр нь таны онцлогт таарах эсэх, чухам яагаад тэр эмчилгээг сонгож авсан болохыг нь тодруулаарай. Мэдээж танд үүнийг мэдэх эрх бий.

6. Эцэст нь эмчээсээ тавьсан онош, санал болгосон эмчилгээндээ итгэлтэй байгаа эсэхийг нь асуу. Хэрвээ үгүй бол яагаад гэдгийг асуугаад, итгэлтэй онош гаргахад нэмэлт шинжилгээ өгөх, өөр эмчид үзүүлэх хэрэгтэй эсэхийг лавлаарай.
tsahim.net

Commentaires

Articles les plus consultés