Америкийн компанид ажиллахдаа анхаарах зан харьцааны 12 зарчим

Америкийн компанид ярилцлага өгөхдөө юуг голлон анхаарах талаар бичсэний дараа энэ сэдвийг үргэлжлүүлэхийг зарим залуус хүссэн билээ. Ажлын зав чөлөө таарахгүй явсаар өдий хүрэв. Чамгүй хугацаанд бодож явсаны эцэст Мэдээлэл Tехнологийн компанид идэвхтэй ажиллахад шаардагдах зан харьцааны үндсэн 12 зарчмын талаар бичихээр шийдэв.

1. Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал “сайн байна уу”, “сайн уу”, “сонин сайхан юу байна” гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх.

2. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх.

3. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.

4. Харьцаж байгаа хүнээ гүйцэд сонсож дууссаны дараа өөрийн санал бодлоо илэрхийлэх. Өөрөөр хэлбэл бусдыг сонсохдоо хүлээц, тэвчээртэй байж сурах.

5. Эвгүй байдалд өөрийгөө дасгаж сургах. Бусдыг мөн эвгүй байдалд дасч зохицоход нь туслах.

6. Юуны өмнө бусдад боломж олгож, өөрийн эрх ашгийг хоёрт тавьж сурах. Ялимгүй жаахан хувиа бодсоноос болж бусдад жигшигдэхийн эх үүсвэр бий болдог.

7. Xүмүүс сэтгэл санаа, үзэл бодлоо өөр хоорондоо хуваалцахад гүүр мэт тэднийг холбож өгөх.

8. Аливаа асуудалд хурдан дүгнэлт гаргахаас зайлсхийж, уг асуудлыг ул суурьтай, болж өгвөл бүх талаас нь бодож тунгаах, хувийн дүгнэлт гаргахдаа бусдын санал бодол, мэдлэг туршлагыг өргөн ашиглах.

9. Үл ойлголцлыг бий болгохгүйн тулд санал нийлэхгүй асуудлыг ямар нэгэн байдлаар газар дээр нь шийдэх.

10. Хэн нэгэн aжилтaн аливаа нэгэн үйл хэргээс орхигдсоныг олж мэдсэн даруйдаа түүнд хэлж мэдэгдэх.

11. Байдлыг бүрэн ойлгохын тулд тухайн газар байгаа хүнээс шaардлагатай бүхнээ илэн далангүй асуух.

12. Хувийн нууцыг хадгалах, хийнэ гэснээ хийж, хэлсэн амандаа хүрэх зэргээр бусдын итгэлийг олох

Зөвлөх компаниудын зааварчилгаагаар Мэдээлэл Tехнологийн олон компанид мөрдлөг болсон эдгээр 12 зарчмыг та ажил амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэгт би найдаж байна.

Ш.Баатар PhD

Commentaires

Articles les plus consultés