Монгол хэл, бичиг

Өсөхөөс сурсан Үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Д.Нацагдож
Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дунсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд манай улсын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцдэг.

Алтай хэлтнүүд нь Алтайн нурууны орчмоос Хянганы уулс, Байгаль нуур орчмоос Хятадын Цагаан хэрэм хүртэл өргөн уудам нутагт нутаглаж иржээ. Монгол утга зохиолын хэлний түүхэн хөгжлийг эрдэмтэд хэд хэдэн үед хуваан авч үздэг байна.

Нэгдүгээр үе. /Эртний үе / Энэхүү үе нь үл мэдэгдэх цагаас барагцаалбал МЭ-ний V зуун хүртэл үргэлжилсэн гэж үздэг.

Хоёрдугаар үе. МЭ-ний V-XVI зууны дунд үе хүртэлх хугацааг хамааруулж үздэг. Энэ нь дотроо хоёр өөр шаттай.

1-р шат: V-XIV зуун хүртэл үргэлжилсэн. Энэ үеийн хэлний гол дурсгал нь Монголын Нууц Товчоо, мөн дөрвөлжин үсэг, Араб үсгээр бичигдсэн дургалууд орно.

2-р шат: XIV-XVII зууны дунд үе хүртэл үргэлжилсэн гэж үздэг. Энэ үед Монгол хэлний онцлогыг нэлээд нарийн тусгасан Тод бичиг, Соёмбо үсгийг хэрэглэх болсон байна. Мөн монгол, дагуур, монгор, баоань, дунсянь зэрэг хэл тасран гарч халимаг, буриад хэлнүүд бие даан хөгжих хандлагатай болсон байна.

Гуравдугаар үе. Монгол утга зохиолын хэлний хөгжлийн 3-р үеийн анхдугаар шатанд XVII зууны дунд үеэс XX зууны 40 хэдэн он хүртэлх хугацааг хамааруулдаг. Энэ үеийн эхэнд орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэлзүйн тогтолцоо бүрэлдэн тогтсон гэж үздэг.

3-р үеийн 2-р шат: XX-р зууны 40 хэдэн оноос эдүгээ хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ үеийг үндэсний хэлний үе гэж үздэг.

Монгол үндэсний утга зохиолын хэлний үгсийн сангийн бүрэлдэхүүн нь монгол утга зохиолын хэлний үгсийн санг бараг бүхлээр нь хадгалаад үлдээсний дээр манай орны амьдралд хувьсгалын жилд гарсан их өөрчлөлтүүд орчин үеийн ШУ, техникийн дэвшлийг тусгасан олон шинэ үг хэллэгээр баяжжээ.

Үндэсний утга зохиолын хэл нь аман ба бичгийн хэлний гэсэн хоёр үндсэн хэлбэртэй бөгөөд аман хэл нь орон нутгийн аялгуугаар илэрдэг. Эдүгээ манай улсад байгаа нутгийн аялгуунууд нь өөр хоорондоо үлэмжхэн ялгаа бүхий халх, буриад, ойрад гэсэн гурван том бүлгээс бүрдэх бөгөөд эдгээр аялгуунууд нь дэд аман аялгуу болон цааш задарна.

Commentaires

Articles les plus consultés