Иргэд хувьцаа хүртэхээр данс нээлгэж эхлэв
Монгол Улсын иргэн бүр ойролцоогоор 550 ширхэг хувьцаа хүртэж боломжийн мөнгөтэй болчихно гэсэн горьдлого хаа хаанаа тээж яваа. Хэзээнээс эхлэн хувьцаа олгогдож, хэрхэн эзэмших талаар сонирхож байгаа иргэд тун олон. Монголын Хөрөнгийн бирж дээр очиход хувьцаа сонирхож байгаа иргэд бас цөөнгүй байна аа. Нэг давхарт иргэдэд данс нээх зааварчилгаа, зөвлөгөө өгөх Олон нийтийн мэдээллийн төв ажиллаж байв.
ИРГЭД ХЭРХЭН ДАНС НЭЭЛГЭХ ВЭ?
Одоогоор 47 брокер, дилерийн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Таван толгойн хувьцааг тараах өргөн ажиллагаа өрнөх тул брокер дилерийн пүүсүүд шинээр мэндэлж байгаа аж. Монголын Хөрөнгийн биржийн гишүүнчлэлээр Үнэт цаасны зах зээл дээр тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос брокер дилерийн үйл ажиллагаа явуулах эрх олгодог байна. Доод тал нь таван ажилтан нь брокер дилерийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байх ёстой. Гэвч манайд брокер дилерийн мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдээгүй нь энэ мэргэжлийн хомсдлыг нэгэнт бий болгожээ. Иргэд данс нээлгэхдээ өөрсдийн сонголтын дагуу аль нэг брокер дилерийн компанид хандаж бүртгүүлэх эрх нь нээлттэй. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд данс нээх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, түүнтэй адилтгах баримт бичиг, гарын үсгийн лавлагааны маягт, насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар байх шаардлагатай. Мөн бүртгэлийн хураамжид таван мянган төгрөг тушаана. Иргэдэд хуваарилагдах хувьцаа үнэгүй олгогдоно. Ер нь иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай аж. Сүүлийн үед хувьцаа тараагдах сургаар иргэд Хөрөнгийн бирж дээр ирж зөвлөгөө авах нь эрс ихэссэн гэж хэлж байв.
ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭН ХУВЬЦАА ОЛГОГДОХ ВЭ?
Энэ нь одоогоор тодорхой бус байна гэж холбогдох байгууллагууд мэдэгдэж байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу энэ 2011 оны эхний улиралд буюу гуравдугаар сардаа багтаан иргэдийн хувьцааг ямар байдлаар хуааарилахыг тодорхой болгоно гэсэн чиглэл гарсан ч хэдийд эхлэх нь тодорхой бус хэвээр. Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээс үзэхэд Тавантолгойн 10 хувь буюу иргэдэд олгох хувьцаатай холбоотой тодорхой шийдвэр албан ёсоор ирээгүй гэв. Гэвч иргэдийн хувьд тэртэй тэргүй хувьцаа хүртэх нь тодорхой тул эртнээс дансаа нээлгэж байхдаа гэмгүй гэж зөвлөв. Брокер, дилерийн компаниудаас тодруулахад иргэд данс нээлгэх нь харьцангуй ихэсчээ. Төрийн өмчийн хорооноос хэзээ хувьцаа олгогдож эхлэх талаар тодруулахад Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэгдэх байх. Бидэнд мөн албан ёсны мэдээлэл алга гэсэн хариултыг өгөв. Брокер дилерийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэгдсэн мэдээ мэдээлэл Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэгдэж байгаа тул тэднийхээс тодорхой мэдээлэл авахаар зорьсон юм.
Манай улсад одоогийн байдлаар 460 мянган хүн данс нээлгэж арилжаа явуулах эрхээ нээлгэжээ. Нэг хүн таван ч холболтын данстай байх эрхтэй. Энэ нь таван брокер дилерийн компанид бүртгүүлж аль түргэн шуурхай үйлчилж байгаад нь хандаж болно гэсэн үг. Хувьцааг иргэдэд олгохдоо энгийн хувьцаагаар уу эсвэл давуу эрхийн хувьцаагаар олгох уу гэдэг нь мөн тодорхой бус. Давуу эрхийн хувьцаагаар хэрэв батлагдвал эхний хоёр жил зарж шилжүүлж болохгүй. Энэ нь 1991-1994 оны хооронд Засгийн газраас олгосон 7000 мянган төгрөгийн үнэ бүхий цэнхэр, ягаан тасалбар шиг үнэ цэнийг нь ойлголгүй хэдхэн төгрөгөөс арилжиж өөртөө ашиггүй үлдчих вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа.
Ямар шалгуураар ахуйн нэгжид хувьцаа олгох вэ?
Тавантолгойн орд баялгийн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараахаас гадна аж ахуйн нэгжид мән 10 хувийн боломж олдож байгаа. Дэлхийд нөөцөөрөө томд тооцогдоод байгаа баялгийн 10 хувь гэдэг бас ч гэж чамлалтгүй их тоо. Харин аж ахуйн нэгж, компаниудад нарийн шалгуурыг тавих ёстой гэдэг дээр олон хүн санал нийлж байгаа. Болсон, болоогүй компани байгуулчихаад 30 мянган ширхэг хувьцаа эзэмших гэж байна хэмээн хардах хүмүүс ч захаас аваад гарч ирсэн. Гэсэн ч хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх бол компаниудад нэрлэсэн үнээр зарна гэдгийг холбогдох хүмүүс онцолж байна.
Хичнээн аж ахуйн нэгж хамрагдах нарийвчилсан тоо гараагүй ч тодорхой шалгуур тавина. 2010 оны зургадугаар сарын 1-нээс өмнө компанийн гэрчилгээгээ авч, бүртгүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалт нь 25 хувиас доош, татвараа төлсөн компаниудад дээрх эрх нээлттэй болох юм. Түүнчлэн таваас дээш жил үйл ажиллагаа явуулсан байх гэх мэт нарийн шалгуурыг хангасан байх магадлалтай ч гэгдэж байгаа билээ.
Б.ДОЛЗОДМАА http://www.medee.mn/content/23852.shtml?utm_medium=twitter
Commentaires
Enregistrer un commentaire