Та хувьцаа эзэмших гэж байна уу?
за эх орон маань баяжаад хүн бүрт хувьцаа тараах болжээ. мэдээлэл багтай байгаа бол уншихад илүүдэхгүй юмааааааааааа.
Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааг оны эхний хагасат багтаан олгоно гэсэн мэдээллийг Төрийн өмчийн хорооны дарга мэдэгдсэн. 15 тэрбум хувьцаа гаргасны 10 хувь буюу 1,5 тэрбум хувьцааг иргэдэд өмчлүүлэх юм. Ингээд тооцоод үзэхээр нэг хүнд 550 хувьцаа ногдох төлөвтэй байгаа. Хувьцаа эзэмшихийн тулд хэрэгтэй шаардлагын нэг нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх. Хамрагдсан бүртгэлийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв авч иргэдэд данс нээж өгөх ёстой аж. Нэгж хувьцааны урьдчилсан үнэлгээг хийлгэхээр олон улсын банкуудад хандах нь тодорхой болоод байгаа. Одоогоор дэлхийд нөлөөгөө тогтоосон 20 орчим компани саналаа ирүүлээд буй. Иргэн бүр хувьцаа авна гэсэн ойлголттой болсон. Мэдээж 1990 оны цэнхэр тасалбараас арай илүүгээр хувьцаа гэдгийг ойлгож эхэлсэн ч ихэнх иргэдийн хувьд хувьцаа гэдэг шинэ сэдвийн нэг байсаар байгаа. Тэгэхээр хувьцаа гэж юу вэ гэдгээс л эхэлж иргэдэд тодорхой ойлголт өгөх хэрэгтэй гэж бодож байна. Хувьцаа гэдэг нь товчоор хөрөнгө эзэмших эрхийн баталгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг чинь илтгэсэн баримт бичиг.
ЭХЛЭЭД ДАНСАА НЭЭЛГЭ
ЭХЛЭЭД ДАНСАА НЭЭЛГЭ
Хувьцаа энгийн, давуу эрхийн гэсэн хоёр төрөлтэй. Энгийн хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсөний дараагаар хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, компанийг татан буулгах үед компанийн хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, компанийн хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах, компанийн хуулийн 54.2 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компанид шаардах, хуулиар зөвшөөрөгдсөн бичиг баримттай танилцах, удирдлагад нэрээ дэвшүүлэх, хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх эрхтэй. Харин давуу эрхийн хувьцаа эзэмшигч эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах, Компанийн хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах зэрэг эрхийг эдэлдэг.
Хувьцаа эзэмших гэж байгаа бол юуны өмнө Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд хувийн данстай байх хэрэгтэй гэнэ. Данс шинээр нээлгэх тохиолдолд Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн Брокер Дилерийн Компаниудаас өөрийн сонголтоо хийх боломжтой. Брокер дилерийн компанид данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэх ба түүнтэй адилтгах бичиг баримт авчрах учиртай.
ХУВЬЦААГАА ХОЁР ХЭЛБЭРЭЭР АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
2011 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн бүх хүн хувьцаа хуртэх эрхтэй аж. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зэх зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан брокер дилерийн 46 компани ажиллаж байгаа юм байна. Энэ компаниудаас сонголтоо хийж дансаа нээлгэх боломжтой юм байна. Иргэд заавал брокер дилерийн компаниар дамжиж дансны мэдээллээ үзнэ гэж цаг алдах шаардлагагүй гэнэ. Дансаа нээлгэсний дараа интернэт дансны эрх нээлгэх боломж байгаа аж.
Хувьцааг хоёр хэлбэрээр ашиглах боломжтой. Хувьцаагаа зарж нэг удаа их хэмжээний мөнгөтай болох нэг хэлбэр бий. Нэг бол жил бүр ногдол ашгийг нь хүртэх гэсэн хоёр дахь зам бий.
Мэдээж хувьцаа эзэмших хамгийн эхний алхам бол брокер дилерийн компаниа зөв сонгох. Өнөөдөр хөрөнгийн биржид бүртгэлтэй 48 компаниас аль сайныг нь сонгоно гэсэн үг. Эдгээр компаниудын нэгдсэн мэдээллийг Хөрөнгийн биржийн таницлуулгаас авч болно. Тэгэхээр брокер дилерийн компанийн талаар өөрийн гэсэн тодорхой ойлголт төсөөлөлтэй байж эхний алхмаа амжилттай хийнэ гэсэн үг л дээ.
Хөрөнгийг чинь захиран зарцуулах эрхтэй брокер дилерийн компани таны өмнөөс бүхнийг хийх, танд хэрэгтэй бүх мэдээллийг хүргэдэг байх ёстой. Брокер дилерийн компанийг сонгохдоо танд хэдэн хувийн шимтгэлээр үйлчлэх, ямар мэдээллийг гаргаж өгөх бололцоотой вэ зэрэг асуудлыг зайлшгүй мэдэх ёстой. Хувьцаа авч өгөх болон хувьцааг чинь зарж өгөх бүрт тухайн мөнгөн дүнгээс авах шимтгэлийг арилжааны шимтгэл гэдэг. Тухайлбал тодорхой үнийн дүн бүхий ямар нэгэн хувьцаа авч өгөхөд дөрөв хүртэлх хувийг нь шимтгэл болгож авна. Шимтгэлийн дүнг тухайн компани нь тогтоодог. Брокер дилерийн компаниудын шимтгэлийн дундаж үнэ хоёр хувь гэсэн ханштай байгаа аж. Шимтгэлийн дээд хязгаар болох дөрвөн хувийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоож, хязгаарласан юм байна. Тэгэхээр хүссэнээр чинь таны хувьцааг зарвал бас үнийн дүнгээс шимтгэлийн хураамж авна гэсэн үг. Арилжаа хийгдсэний дараа таны хувьцаа эсвэл мөнгө Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дэх нэрийн дансанд чинь орох нь.
ДАНС НЭЭХ ХУГАЦАА ГАНЦХАН ХОНОГ
Дээрх төвд данс нээх ажлыг таны сонгосон брокер дилерийн компани хийнэ. Нэрийн данс нээлгэх гэрээ байгуулахад гарын үсгийн баталгаажилт заавал хэрэгтэй. Нотариатчаар энэ баталгааг хийлгэхэд 1500 төгрөг. Гэрээ байгуулсны дараа та дансны дугаартай болно.
Гэрээ байгуулахад хугацаа шаардах болов уу гэдгийг олон хүн сонирхож байгаа байх. Олзуурхууштай нь энд нэг их мөнгө шаардагдахгүй. Ердөө нэг өдөр шаардагдана. Брокер дилерийн компани Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд материалыг чинь хүргэчихвэл ердөө ганцхан өдрийн дотор таны нэрийн данс нээгдэнэ.
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд одоогоор 500 орчим мянган иргэдийн нэрийн данс нээгджээ. 15,000 нь давхардсан байгаа гэнэ. Энэ давхардлыг шууд нэгтгэх боломжтой программаар шийдэх юм байна. 1990-ээд оны ягаан цэнхэр тасалбар нийт иргэдийн хувьд гэвэл үр өгөөжөө өгөөгүй. Тухайн үед иргэдийн дунд хувьцааны талаар нэгдсэн, цэгцтэй, тодорхой олйголт байгаагүй болохоор арга ч үгүй байх.
Харин одоо монголчуудад хоёр дахь том боломж гарч ирж байна. Байгалийн баялгаасаа, дэлхийд нөөцөөрөө дээгүүрт эрэмблэгдэх томоохон ордынхоо хувьцаа эзэмшигч болж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр томоохон ордууд хэрхэн үнэ хүрч байгааг харж суугаа цаг үед хувьцаа эзэмшигч болж байгаа нь бидний хувьд том олз. Тэгэхээр хувьцаагаа амьдралдаа өгөөжтэй, ирээдүйдээ ашигтайгаар эзэмших тал дээр тодорхой мэдлэг, мэдээлэл хангалттай байгаа гэдэгт эргэлзэх юм алга.
Б.ЭНХХҮСЛЭН http://www.medee.mn/content/24721.shtml
Commentaires
Enregistrer un commentaire