ОРОМДСОНООС ОГТ ХИЙГЭЭГҮЙ НЬ ДЭЭР

Ажил төрөл нь нэг л бүтэж өгөхгүй, амжилт ололт ч гэж нэг их гавьсан юмгүй, хамт
ажиллагсад нь хажиглаж, дарга удирдлага нь үнэлж цэгнэхгүй хялайж цэхэлзэн, та-гаас
өөр нэргүй, гуайгаас өөр алдаргүй өдөр хоног, он жилийг өнгөрөөгсөд цөөнгүй.
Тэднийг муу муудаа жанжин гэдэг шиг захын хүн нүд үзүүрлэнэ. Удирдлага нь итгэл
хүлээлгээд олигтойхон ажил төрөл даалган хийлгэхгүй, муу хүнийг зар, зарсан
хойноо өр хэмээн төвөгшөөнө. Тэд эрхэлсэн ажилдаа эзэн байж чаддаггүйгээс муу нэртэй,
луу данстай болцгоодог.

Хариуцуулж өгсөн ажлыг нүглийн нүдийг гурилаар хуурах
зарчмаар оромдоно. Оромдогсдын тарих гай балаг нь алхам тутам, хийсэн ажлын
өнгө нь хөө тортог мэт хар, үр дүн нь цоорхой хувинд ус хийх адил хоосон.
Аливаа ажлыг оромдсоноос огт хийгээгүй нь хавьгүй дээр. Оромдож нүд хуурснаас
хийхгүй, чадахгүй гээд хэгжүүн үгээр хэдэрлэн хэлчих нь хэн хэндээ өлзийтэй. Оромдсон
ажлыг засч залруулах гэж үйлээ үзсэнээс цоо шинээр хийх нь хамаагүй дээр, уур
хүргэж, уцаар барахгүй, сэтгэл амар.

Ажлыг оронцоглож байгаа хүмүүсийн дийлэнх
нь мэргэжил, ур чадвар дутахаас илүүтэй сэтгэл дутах гай барцдад гайтан
хүлэгдсэн байдаг. Сэтгэл дутсан бүхэн бүх талаараа дутуу дулимаг. Сэтгэл дутвал
амжилт ёс юм шиг дутна. Гаршиж, хийж сурсан ажилд ч гэсэн сэтгэл дутсан
хэмжээгээр гологдол гарна.

Үндэс нь таслагдсан ургамал тэр даруйдаа хатаж
хагдрахын адил сэтгэл дутсан үйл бүхэн удаж төдөлгүй зэс нь цухуйж, гологдон
хаягдана. Сэтгэлийн гэгээгээр сайн үйл хийж эс чадлаа ч сэтгэл харлуулсан муу
зүйл хийхгүй бол тэр нь сайн хэрэгт тооцогдоно. «Олон хүнийг сайн үйлс
бүтээснийх нь төлөө биш, харин муу зүйл авчраагүйнх нь төлөө хүндэтгэх хэрэгтэй
болдог».

Нүд хуурч, ээлж өнгөрөөн сэтгэл дутаж үйлдсэн болгон
гэм хийсэн мэт зэм хүртэж, түмний нүдний булай, олны шившиг болохоос өөр
үнэлгээгүй. Биеийн амрыг харж, нүд хуурч, ээлж өнгөрөөгсөд бусдыг хуурч
дөнгөлөө гэж боддог ч өөрийгөө өөдгүй муухайгаар хуурч байгаа хэрэг юм. Ямар ч
юман дээр өөрийгөө хуурах хэрэггүй.

Өөрийгөө хуурсан болгон өгөх ашиггүй, үлдэх
үргүй, хумхын тоос мэт замхарна. Харсаар байтал өөрийгөө хуураад байгаа хүнд
хөндлөнгийн хүмүүс яаж өөриймсөг бөгөөд үнэнч хандах билээ дээ. Яарвал даарна.
Яаруу сандруу оромдсон ажил ямар нэг согогтой, ор нэрийн болж дуусах нь элбэг. Ажил амжуулахад хурд хэрэгтэй ч бушуу
туулай борвиндоо гэгчээр агадаж тэвдэн хийсэн болж, нүд хуурах нь хэнд ч
хэрэггүй, үргүй зардлын нэмэр.

Тоос арчсан ч, тоосго өрсөн ч түүнийгээ сэтгэлээсээ
хийхийг зорь. Хүүхэд, залуус та нар эрдэм номд шимтэхдээ, ажил хөдөлмөрт
шамдахдаа бүгдэд нь чин сэтгэлээсээ хандаж сураарай. «Зүрх сэтгэлээс гардаг
бүхэн зүрх сэтгэлд хүрдэг» гэх үгийг марталгүй санаж яв. Аливаад сэтгэлээсээ
хандах чанар нь насан туршид мөнхийн дагуул мэт чамтай хамт байж, түнэр
харанхуйд замыг чинь гэрэлтүүлэх гэрэлт бамбар мэт гийгүүлж, амжилт ололтод
хөтлөх үнэнч хөтөч, хамгийн үнэт баялаг байх болно.

Аугаа их сайхан сэтгэлтэй
хүмүүс буяныг бодож, хийж үйлдэж байгаа бүхэндээ сэтгэл зүрхээ шингээхийг эрхэм
зорилгоо болгодог онцгой сайн шинжийн эзэд. Сэтгэлээ шингээн хийж үйлдсэн
болгон бусдын сэтгэлд хүрч, сонорыг мялаан, нүдийг баясгаж, дурыг булаана. «Нар
тэнгэрийн гуа сайхан чимэг нь байдаг шиг сэтгэлийн аугаа их нь аливаа буянт
үйлсийн гэрэл гэгээ нь байдаг» гэнэ.

Бүхнийг сэтгэлээсээ хийхийг зорьдог хүний
дотоод ертөнц нь цэвэр ариун, уужим гэгээтэй, сайн сайхан бүхэн шингээстэй.
«Хүний дотоод ертөнц дэх сайн чанар нь нартай адил». Нар дэлхий ертөнцийг
бүхэлд нь элч гэрлээрээ гийгүүлж байдаг бол хүний дотоод сайн чанар нь хүмүүний
ертөнцийг бүхэлд нь гийгүүлж байдаг билээ.

Залхуучууд бүгдээрээ оромдогсод. Залхуучууд ажил
хийхээс хойш суун цаг дэмий нөхцөөнө, ажил хийлээ ч дутуу дулимаг, оромдон
оронцоглох нь тэдний байж байгаа төрх. Залхуу хүнд маргааш олон. Тэд хийх ёстой
зүйлээ яаж ийгээд хойш тавьж, бусдад ацаглахыг санаархана. Юу ч хийхгүй
залхуурсаар байгаад бие нь хуурай мод шиг хөшиж, гар хөл нь төдийгүй бодол
сэтгэлгээ нь хүртэл залхуугийн намагт шигдэнэ.

Ууж идэхдээ уургын морь, урагшаа
гишгэхдээ ургаа хад гэж залхуучуудыг онож хэлсэн үг. Залхуучууд хариуцсан ажлаа
хугацаанд нь төгс сайн хийж дуусгана гэж барагтай л бол үгүй, хийлээ ч хайш яйш
оромдон, нүд хуурна. Бусдын араар сугарч хоцрон, ажлаас зайлсхийх нь
залхуучуудын нийтлэг зан. Тэгсэн хэрнээ дарга даамлаа харахаар жигтэйхэн
ажилсаг дүр эсгэх үнэгэн зальтай. Өөрөө залхуураад суухын зэрэгцээ бусдыг буруу
тийш уруу татна. Ажилсаг нэгнээ хэнхэг гэж гоочилно.

Хэрэггүй чалчаа яриа
дэлгэж бусдын хайран цагийг үрнэ. Ажлын амтанд орж эхэлж байгаа залууст буруу
үлгэр үзүүлэн, урагш нь хөтлөх биш, арагш нь чангаана. Залхуугийн гараар орсон
бүхэн замаа алдан буруудна. Залхуучууд, оромдогсод бусдад маш муу нөлөөтэй. Ер
нь сайн хүн сайн нөлөөтэй, муу хүн муу нөлөөтэй. Муугийн хор олонд, могойн хор
ганцад. Хавьтсан ойртсондоо салхиар тархах томуу мэт түгэн түйвээх муу нөлөөний
хорлол үлэмж их. Муугийн нөлөөнд үл автах дархлаатай болчихвол сайны гэгээн зам
чамайг угтан тосож замчилна.

Залхуучуудаас илүү хорлонтой ажлын садаа нь
зальхайчууд юм. Тэд бүтэх ажлыг бүтэхгүй болгож самарна. Хийгээгүйгээ хийсэн
гэж мэлзэнэ. Оромдож, оронцоглосноо онцгой сайн хийсэн мэтээр гоёж чимэн нүд
хуурахыг оролдоно. Оролцож хийгээгүй ажлаа оройлон дагуулан бүтээсэн мэтээр
зальдана. Зальдаж аргалах нь нохойг сүүлээрээ хуурах үнэг шиг, ороолж зугатах
нь нохойд хөөгдсөн туулай шиг. Зальхайчууд газрын диваажинг амлах нь холгүй
уран донгодож байж бусдаас хүссэнээ салгах мөртлөө буцааж өгөх болохоороо
газрын гаваар орсон мэт алга болж, худрагагүй загнан бултана.

Муугийн балаг
олонд. Зальхайчуудын үлдээсэн далд балаг удаж төдөлгүй ил болж, засч залруулах
боломжгүй нь тодорч, оромдож хуурсныг нь орвонгоор нь өөрчилж, огт шинээр эхлэн
хийхээс аргагүйд хүрдэг нь гайтай. Зангуу хэдий бяцхан ч хөл хатгах шортой,
зальхай хэдий цөөхөн ч улсыг мөхөөх хортой гэдэг. Зальхайчуудын тарих хор уршиг
хэмжээ хязгааргүй. Зальхайн уран аргад хууртаж, урхи занганд орсон хүн их
санасан газар ес хоног хоосон гэдэг шиг молиго үмхэнэ. Зальхай явдалтантай ажил
төрөл хамтрах нь бүү хэл алхмын төдий ойртохын ч хэрэггүй.

Тийм болохоор манай
ухаант өвөг дээдэс, зальхай явдалтантай арга бүү зөвлө, зангаа хувиргагчтай
удаан бүү ханил гэж сургасан бизээ. Зальхайчууд элсэн дээр суурьгүй байшин
барьж, хөлдүү газар үндэсгүй мод тарихаас сийхгүй арилсан дотортнууд. Зарааны
өргөс гаднаа, зальхайн өргөс дотроо байдаг учир зальхайчуудын өргөсөөр зүрх
рүүгээ хатгуулахаас ямагт болгоомжил.

Байдаг чадлаараа зүтгэсэн ч чадвар чадавхи дутсанаас
хийх ёстойгоо хийж, байх газраа байж чадахгүйн зовлон туулагсад цөөнгүй бий.
Гэхдээ энэ нь дуусч дундаршгүй, үүрдийн зовлон биш. Ажлыг дутуу дулимаг оромдон
хийх шалтаг шалтгаан ч биш. Хэрэв өөрөө хүсвэл чадвар чадавхиа дээшлүүлэх
боломж бололцоо бүх хүнд хэзээ ямагт нээлттэй байгаа. Дээр нь, эрхэлж байгаа
ажилдаа чин сэтгэлээсээ дуртай байх хэрэгтэй.

Хүн зөвхөн дуртай ажилдаа л
амжилт гаргадаг. Ажилдаа дургүй хүнээс амжилт хүлээх нь эр үхэр тугалахыг
хүлээхтэй адил. Тамын хаалга руу чирэгдэн явж буй нүгэлтэн мэт муухай царайлан
ажил руугаа гэлдэрдэг хүн үүргээ умартан, ажлаа оромдон цаг нөхцөөж суух нь
эргэлзээгүй. Зоримог бус хүн амжилтаас үргэлж дутна. Эр зориг дутахын хэрээр
ажил хөдөлмөрийн үр дүн дутуухан. Эрсдэл хийхээс эмээн хулчийж, тохиож болох
элдэв уршгаас байнга болгоомжилдог хүнд амжилт ховор олдоно. Амжилт ололт, аз
хийморь зоригтой хүнийг дагадаг.

Эр зоригтон боломжгүй мэтийг ч бололцооны
болгохын төлөө эрслэн зүтгэх нь бахархам.
Ажлыг оромдогсод гомдмоор найдваргүй. Итгэж найдаад
даалгасан ажлыг сурсан зангаараа оромдон нүд хуурна. Шанаанд нь буу тулгах
шахам, нүд салгахгүй харж байж ажил хийлгэхгүй бол мөнөөх оромддогоороо
оромдчихоод худаг дээр ус ууж зогсох тэмээ аятай дээгүүр харан, юу ч болоогүй
юм шиг царайлах нь уур хүрмээр.

Хүн муу юманд амархан дасамхай. Сөрөг муу зүйлс
өөрт чинь улиг домог болон тогтон хэвшиж мэднэ. Хийж байгаа ажил төрлөө нүд
хуурч, оромдоод сурчихвал өөртөө маш том хор хүргэж байгаа тун олиггүй дадал
зуршил.

Ажлаа арван хуруу шигээ мэддэг, алдаа мадаггүй хийж
чаддаг, хамт олныхоо итгэлийг дааж, найдварыг хүлээсэн хүмүүстэй гар, сэтгэл
нийлэн ажиллах урамтай. Тэдэнд ажлыг оромдох, дутуу хийх, гологдол гаргах гэх
ойлголт байхгүй нь бахархалтай. «Авьяастай, ажил хөдөлмөрт дуртай хүний хувьд
саад тотгор гэж байдаггүй» нь сайхан.

Амжилтын оргилд гарч, алдрын тавцанд
зогсоогүй ч ажлаа хэвийн жигд, хэзээд найдвартай хийдэг урамтай сайхан, хайр
татам хүмүүс маш олон. Амжилтын оройд гараагүй ч чадлынхаа хэрээр уйгагүй
зүтгэж, чадах бүхнээ хийж байгаа хүнийг магтан сайшаах хэрэгтэй. Аливаа ажлыг
сайн хийж чадна гэсэн итгэл, сайн хийх сэтгэл хоёр нэг дор нэгдэн нийлж байж
товойж тодорсон амжилтанд хүрнэ. «Итгэл, сэтгэлтэй хүн хамгийн хэцүү ажил дээр
ч амжилт гаргадаг» юм.
Эх сурвалж:

Commentaires

Articles les plus consultés