Давуу эрхийн хувьцаа буюу төөрдөг байшин

Монголчууд бид “Алтан дээр суусан гуйлгачингууд” гэж өөрсдийгөө өхөөрддөг байв. Ардчилал ялаад шинэ нийгэм цочир сонин байсан цагт шүү дээ. Харин 2000 оны үед бид байдаг л нэг газар нутагтай, хөгжил буурай Монгол гэж өөрсдийгөө дүгнэхэд хүрэв. Харин одоо бид “Алтан дээр суусан гуйлгачин” гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч байна.

Монголын газрын хэвлийд байгаа хэдэн тэрбум тоннын нөөцтэй баялгийн үнэ дэлхийн зах зээлд өндрөө авсаар. Бид ч баялгаа дэлхийн энтэй ашиглаж эхлэхээр зэхэж явна. Одоогийн өнцгөөс харахад, Засгийн газар ард түмэнд эх орны баялгийн хишгийг хүртээх бодлогыг тууштай барьж байх шиг. Монголын иргэн бүрийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг энгийн хувьцааг эзэмшигч болголоо. Даанч хувьцаа нь үнэлгээгүй, зүгээр 536 гэсэн цифрээс өөр ид шидгүй байна.Ямар ч байсан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб хуудас руу ороод зааврын дагуу регистрийн дугаараа оруулж хувьцаа эзэмшигч болсноо баталгаажуулж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг тараасны дараа Засгийн газар дахиад сонирхолтой санал гаргалаа.

Тэр нь “Эрдэнэс Тавантолгой”-н 51, “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс МГЛ” компанийн нэг ширхэг давуу эрхтэй хувьцааг иргэн бүрт тараах. Хөрөнгийн зах зээл “хөгжөөгүй” Монголын иргэд энэ хоёр хувьцааны учир жанцанг тайлах гэж үгүй мөн их зүдэрч байна. Тэр бүү хэл хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд нь ч зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа юм.

Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогчид” төөрсөн яваа юм чинь барилгын өрлөгчин залуу төр өөрт нь ямар учиртай юм өгөөд байгааг яахан ойлгох билээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн энгийн хувьцааг эзэмшигчдийн эрх үүрэг бол маш ойлгомжтой. Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг нухацтай уншихад ид шидийг нь амархан ухаарна. Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд санал хэлэх эрхтэй.

Та “Эрдэнэс тавантолгой” компанийн нэг ширхэг хувьцааг эзэмшиж байсан ч “Хөөе найзуудаа нүүрсээ хямдхан зараад байна шүү” гэж ТУЗ-ийг нь “шалах” эрхтэй гэсэн үг. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр ногдол ашиг тараавал хүртэнэ. Засгийн газрын одоогоор тогтоож амжаагүй байгаа “lock up” буюу хориглох хугацаа дууссаны дараа 536 хувьцаагаа худалдана уу, үр хүүхдэдээ өгнө үү, найз нөхөддөө бэлэглэнэ үү, энэ эрхүүд бүрэн нээлттэй.

Иймэрхүү эрх энгийн хувьцаа эзэмшигч танд байна. Эрхээ бүрэн ашиглах хэрэгтэй шүү. Одоо “Эрдэнэс Тавантолгой” зөвхөн Засгийн газрын мэдлийнх биш. Монгол хүн бүрийн компани болсон. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-г манай компани гэж хэлж хэвшвэл ямар вэ. Энгийн хувьцааны тухайд нэг иймэрхүү. Гэхдээ тодорхойгүй асуудал олон бий. Хувьцааны нэрлэсэн ханш хэд байх юм, хэзээнээс эхэлж иргэд зарж, үрж болох юм гээд.

Ямар сайндаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ‘Тавантолгой”-нхныг дуудаж уулзаад баахан шалж, зэмлээд, ”Тавантолгой төслийн хэрэгжүүлэх ажлыг ойлгомжтой болго” гэж “зарлигдах” вэ. Одоо “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн хувьцаа бүр төөрдөг байшин болоод байгаа юм. Хамгийн түрүүнд хууль эрх зүйн үндэслэлийг нь харах хэрэгтэй болов уу. Одоогийн мөрдөж байгаа Компанийн тухай хуулиар давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь энгийн хувьцаатай иргэнээс түрүүлж ногдол ашиг авна.

Компани дампуурвал энгийн хувьцаа эзэмшигчээс түрүүлж компанийн хөрөнгийг борлуулсан мөнгөнөөс ногдол, эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах эрхтэй. Ерөнхийдөө бусад эрх үүргийг компанийн дүрмээр шийдэхийг уг хуульд тусгажээ. Уг хуульд давуу эрхийн хувьцаа эзэмшигч жил бүр ногдол ашиг авна гэсэн заалт байхгүй. Гэтэл Монголд тухайн компани ашигтай ажилласан байсан ч, ашиггүй ажилласан байсан ч жил бүр ногдол ашиг авдаг хэвшил тогтсоныг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд дуулгадаг.

Эндээс “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаатай монголчууд жил бүр ногдол ашиг авч байх нь гэсэн гаргалаа хийж болох юм. Эцсийн бүлэгт хэрхэхийг Засгийн газар мэдэх нь тодорхой. Түрүүнд давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрхийг ерөнхийд нь компанийн дүрмээр зохицуулдгийг
дурьдсаныг сана. Засгийн газар жил бүр хишиг хүртээхийн тулд ийм зүйл санаачлаа биз.

“Эрдэнэс МГЛ”-ийн давуу эрхийн хувьцааны тухайд ТӨХ-ны дарга Д.Сугар “Хөрөнгөөр баталгаажаагүй хувьцаа байна” гэсэн мэдэгдэл хийсэн. Цаашилбал, түүний мэдэгдсэнээр иргэд нэг ширхэг давуу эрхийн хувьцаагаа үхтлээ үрж болохгүй бололтой. Эзэмшигч нь давуу эрхийн хувьцаагаа цааш нь худалдахгүй, бэлэглэхгүй, өвлүүлэхгүй хэлбэрээр таарна гэж ярьж байна. Үхэхэд нь хувьцаа нь автоматаар хүчингүй болох юм байх. “Нэг нас нэг хувьцаа” гэсэн зарчим үйлчлэх нь ээ. Үүнийг компанийн дүрмээр зохицуулаад өгнө биз.

Хамгийн их сонирхол татаж байгаа зүйл бол хөрөнгөөр баталгаажихгүй хувьцаа. Д.Сугар дарга ингэж хэлсэн. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн холбоо, “БиДиСЕК” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн “Хувьцаа заавал хөрөнгөөр баталгаажих ёстой” гэж байна. Ийм зөрүүтэй байр суурийг мэргэжилтнүүд илэрхийлээд байгаа юм. Компанийн тухай хууль компанийг татан буулгахад
эзэмшиж байгаа хувьцааныхаа татан буулгалтын үнийг авна гээд заачихаж.

Энэ заалтаар бол заавал хөрөнгөөр баталгаажсан хувьцаа баймаар юм. Ер нь хувьцаа нь хөрөнгө оруулалтын илэрхийлэмж. Хөрөнгө оруулаагүй хувьцаа эзэмшигч гэж байх уу. “Нэг нас нэг хувьцаа” гэсэн зарчим баримталбал хөрөнгөөр баталгаажаагүй хувьцаа байхаас зайлахгүй. Хэрвээ хөрөнгөөр баталгаажвал өвлүүлэх, бэлэглэх, зарах гэсэн харилцаа хүний үндсэн эрхтэйгээ хамт босоод ирнэ.

Гэхдээ л хөрөнгөөр баталгаажаагүй хувьцаа гэж байдаггүйг олон эх сурвалж хэлээд байгаа юм.
Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Тэр хуульд энэ бүхний учгийг тайлсан заалтууд оруулсан болов уу гэж найдъя. Д.Сугар дарга бусад хэвлэл мэдээллийнхнийг халгаахгүй байж байгаад Олон нийтийн телевизид ярилцлага өгдөгсөн. Давуу эрхийн хувьцааны учир жанцанг тайлбарласан ярилцлага өгөөсэй. Иргэд төөрдөг байшин дотор мунгинаж явна. Тэгэхгүй бол Ерөнхийлөгч дахиад л шахамдуулж, “Ажлаа өг” гэж шаардах байх шүү, ‘Тавантолгой”-нхоон.

Т.Энхбат, http://www.tseg.mn/i/13617

Commentaires

Articles les plus consultés